Свийт Говь Геолож

   
Нүүдэлчин малчидтай уулзах

Та “таван хошуу мал”*-ын орон, нүүдэлчин малчдын ахуй амьдралтай танилцаарай. Үндэсний уламжлалт шагай тоглон, гал дээр чанасан цай ууж, хөхүүрийн айраг амсан хэсэг зуур амрангаа монголчуудын зочломтгой занг мэдрээрэй. Дэлхийд хамгийн сайн тусгаарлах материал гэгдэх эсгий хийх аргыг, Монголын эрс хүйтэн өвөлд зохицсон нарийн ширхэгтэй ч хөнгөн, дулаан, ямааны үнэт ноолуур самнах зэрэг ардын уламжлалт зан үйл, ур ухаантай танилцаарай.

Хүсвэл та хонь хяргах, үхэр мал саахад нь туслаарай. Адуугаа хураах үеэр монгол эрсийн морь сургах ур чадвар, хурдан шаламгай хөдөлгөөнийг бахдан хараарай. Та сонирхвол гаргууд сайн эзэмшсэн “урлаг” болох морь уургалах үзүүлбэр** үзүүлэхдээ монгол залуус татгалзахгүй л  болов уу.

Хэрэв та хүсч байвал айлын хүмүүсээс гэр барихыг асууж заалгаарай. Та хэрэв хоол хийх дуртай, сайн хийдэг бол монгол үндэсний уламжлалт битүү хоол (хуушуур, бууз, банш), мөн боорцог хийхэд гар бие оролцож, амсч үзээд яваарай.

ТАЙЛБАР/
* хонь, ямаа, морь, тэмээ, үхэр (хайнаг нь үхэр сарлагийн эрлийз, V зуун)
** үзүүртээ хуйвтай урт нарийн мод


Амьтан, ургамалтай танилцах

Out of NowHere брэндийн Свийт Говь геоложид байрласнаар жилийн 300 хоногт нартай байдаг, гэрлийн бохирдол үгүй, энэ дэлхийн хамгийн сайхан одот тэнгэрийг анир чимээгүйн дунд та ажиглах боломжтой. Үүний тулд бид танд зориулан Свийт Говь геолож дээрээ алсын тусгалтай Swarowski Atm 80 Hd дуранг байрлуулсан юм. Цаг агаарын ямар ч нөхцөлд, өдрийн аль ч үед, бүр хэт хурц нартай үед ч дүрсийн гайхалтай сайхан контраст харуулах энэхүү дуранг холын болон ойрын зайд /3м-ээс дээш/ тохируулан амьтан, ургамал, шувуудыг өдрийн цагаар ажиглах боломжтой. 295 гр хөнгөн жинтэй, мөн суурь сайтай тус дуран нь 42-1000 метр харагдах орчинг багтаасан том өнцөгт дурангаар тоноглогдсон нь тас шувуу, цэн тогорууны эрхэмсэг дэвэлтийг гайхан бишрэх боломжийг танд олгоно. 8000 метрээс дээш өндөрт нисч Гималайн нурууг даван Энэтхэгт хүрэхээр нүүдэллэж чаддаг хоёрхон төрөл шувуу дэлхий дээр байдгийн нэг нь цэн тогоруу билээ. Свийт Говь геоложоос холгүй орших байгалийн нөөц газар Батхаан ууланд идлэг шонхор, хар хур, буга, бор гөрөөс зэрэг зэрлэг  амьтад олон бий.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зэрлэг амьтны тоо, нөөцийг тогтоох төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй манай хамтрагч байгууллагын хаягаар орж үзнэ үү:

  Бидний газрын зургийн системr: 47°08’06”N  104°12’10”E


Элсэн тасархайд тэмээ унах

Свийт Говь геоложоос холгүй Монголын алдарт 33 Говь, цөлийн нэг Элсэн тасархай* олон арван км газар сунаж тогтсон байдаг. 5, 6, бүр 9-р сард ч өвлийн хүйтнийг даах тарга тэвээргээ хангалттай авсан хоёр бөхтэй тэмээ унан, уулын бэл, салхины аясаар хуйлрах элсэн манхан дээгүүр 2 цагийн аялал хийгээрэй. Хагас цөлөрхөг, хуурай уур амьсгалтай энэ нутагт ан амьтан элбэг, бутлаг ургамал их байдгийн нэг нь хэсэг бүлгээр зулж ургадаг, мөнх ногоон өнгөгэй арц юм. Үндэс сайтай, хүйтэнд тэсвэртэй арцны анхилуун үнэр элсэн манхны орчмоор тод мэдрэгдэнэ. Лам нарын түүж, нунтаглан, авшигласан арцыг сүм хийд, нүүдэлчин малчид тахилын ширээндээ уугиулдаг.

* Элсэн тасархай: Улаанбаатараас Хархорин явах зам элсийг хоёр хэсэгт хувааснаас үүсчээ.

 Бидний газрын зургийн систем: 47°15’11”N  103°54’20”E  


Элсэн манхан дунд морь унах

Та Баян Түрүүны баян бүрдэнд дэлхийн хамгийн шилдэг адуучдаар газарчлуулан морь унаарай. Та морио зөөлөн алхуулж, хэрэв сайн унадаг бол давхиулан Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хүлэг морьдыг таниарай. Морины тухай олон сайхан дуу дуулахаас гадна морин толгойн сийлбэртэй, үндэсний хөгжмийн зэмсэг байдаг нь морин хуур юм. Хуурын чавхдасаар монгол морины алхаа гишгээ, янцгаах дуу, үүрсэх авиаг уянгалуулан тоглоно. Морины өнгө зүс маш олон янз бөгөөд энэ сэдвээр ярилцахыг хүсвэл олон шинэ үг хэллэг сурах шаардлагатай. Монголчууд мориндоо мордон “чүү” хэмээгээд, дөрөөн дээрээ өндийн босч давхих нь биширмээр сайхан. 

Мориныхоо жолоог татаж залах төдийгүй биеийнхээ жингээр эмээл дээрээ тэнцвэртэй тогтож удирдана. Хэдэн зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн монгол ахуйн нэг хэсэг болсон гүү саах цагаар зэлэн дээр цугласан адуун сүргийн янцгаах дууг сонсч, унага барьж байгаа сэтгэл хөдлөм үйл явцыг харахад уудам талд чамин дэглэсэн уран хөдөлгөөнт бүжиг мэт санагдана.


Тараа нуурыг тойрон бясалган алхах / Тараа нуур

Свийт Говь геоложоос 8 км-т Шилүүт уулын бэлд (дтд 1520 м) орших энэхүү баян бүрдийн Тараа нуурын усны долгионд ан амьтан, ургамал цэцэг гайхалтайяа үзэгдэнэ. Хубилай хааны үед 1260 онд бурхны шашныг төрийн шашин болгосон ба сүүлд Алтан хааны удирдлагаар XVI зуунд язгууртнуудын хүрээнээс тэлж, ард олонд түгсэн билээ. Тэр үеэс эхлэн Монголчууд Тараа нуурыг бүтээлч дарь эх, бурхны шашны шүтээн хэмээн биширч иржээ.

Элсэн манхан, галт уулын хүрмэн чулуу, цэцэг ногоо бүрхсэн хээр талын дунд, нуурын усанд чуулах хөх дэглий, тогоруун цуваа цэлмэг тэнгэрт тодрон харагдана. Нуурын ойр орчимд айлуудын мал бэлчих бөгөөд аз таарвал цөөн хором ч гэсэн марал буга, цагаан гөрөөс, ятуу болон бусад амьтдыг харах боломжтой. Энд өглөө нар мандах, орой нар жаргах үеэр тайван алхах, усны шувуудыг ажиглаж өнжих, мөн элсэн манхнаар удаан явсан аяллын дараа ирэхэд тохиромжтой сайхан газар юм. 

 Бидний газрын зургийн систем: 47° 15’55”N  103° 50’50”E  


Монгол орны газар зүйн төв цэг

Монгол орны төв цэгийн байршил Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Өвөрхөшөөтийн булгийн эхэнд, Хойд өргөргийн 46°51’52”, Зүүн уртрагийн 103°49’49”-т болохыг газар зүйн ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Ш. Шагдар 1979 онд анх судлан тодорхойлсон байдаг.

Төв цэгт босгосон суварга, газар зүйн байршил нь цахим хуудсаа байнга хөтөлдөг хүмүүсийн хувьд яах аргагүй онцолж харуулах аяллын содон цэг юм. Эргэн тойрны 8,2 км² газар нутгийг 1997 онд улсын хамгаалалтад авчээ.

 Бидний газрын зургийн систем: 46°51’52”N  103°49’49”E  


Мандухай цэцэн хатны дурсгалын хөшөө

Цэцэн билиг төгөлдөр монгол эмэгтэйн бэлгэдэл болсон Мандухай цэцэн хатны хүчирхэг төрхийг өнөөгийн монгол эмэгтэйчүүдийн дундаас ч олж харах боломжтой. Өндөр өсгийт дээр төвөггүйхэн алхах, биерхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүд хот, хөдөө хаана ч ялгаагүй ажил үйлс, амьдрал ахуйгаа ухаалаг амжилттай авч явна.

Мандухай нь 1478 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Мандуул хааны хатан байв. Хаан нас нөгчсөний дараа тэрээр Чингис хааны ач хүү Хубилай хааны удам залгах цорын ганц садан, Мандуул хааны элэнц ач Батмөнх хүүг өөрийн хамгаалалтад дэргэдээ авна. Хүүгийн эцэг Мандуул хаантай үүссэн дотоодын сөргөлдөөний үеэр амь үрэгдсэн байдаг. Мандухай бяцхан хүү Батмөнхийг Даян хаанд өргөмжлөн хаан ширээнд залаад, хожим эрийн цээнд хүрэхэд нь хатан нь болдог. Мандухай хатан төрийг захиран, Тогоон тайш, түүний хүү Эсэн тайшийн үеэс Монголыг дангаараа захирч байсан Ойрадуудыг удаа дараа буулган авч, Халхын ноёрхлыг сэргээн, удирдаж байв. Мандухай хатны гавьяа бол XV зууны эхэн үеэс дотооддоо хагаралдан, дайны хөлд доройтсон Чингис хааны удам угсааг сэргээнгээ монгол овог аймгуудыг нэгтгэсэнд оршдог. 1987 онд төрийн шагналт зохиолч, академич Ш. Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан” романаар төрийн шагналт, УГЗ, найруулагч Б. Балжинням 4 ангит уран сайхны кино бүтээжээ. Уг кинонд Тогоон тайшийн байгуулсан Талмукийн эзэнт гүрнийг буулган авч, Манжуудыг хөөн зайлуулж, XVI зууны сүүл үеийн хагарч бутарсан байсан монголчуудыг хураан нэгтгэж, Байгаль нуур, Хятадын цагаан хэрэм хүртэл газар нутгаа тэлж чадсан Даян хааны ач хүү Алтан хан гээд тэртээ эзэн Чингис, Хубилай хааны хүчирхэг үеийг давтсан алтан ургийн удмын олон хаадыг төрүүлэхэд үнэтэй гавьяа байгуулсан цэцэн хатны тухай өгүүлдэг.

Мандухай цэцэн хатан дахин нэгдэж чадсан халх хийгээд төв Халхын овог аймгуудтай хамтран, Манжийн эсрэг хийсэн аймшигт тулалдаан болсон энэ газар кино зураг авалтын үеэр түүний дурсгалд зориулан хөшөө босгосон юм. Хөшөөний ойролцоох сүрлэг хадны дэргэд түүх сонсоод эсвэл монгол хувцас өмсч үзэх зуурт Out of NowHere үйлчилгээний албанаас боорцог, халуун цайгаар дайлна.


Бүрд сумын орон нутгийн музей

Өвөрхангай аймгийн төв Арвайхээрээс хойд зүгт 136 км, Улаанбаатар хотоос баруун зүгт 344 км-т орших Бүрд сум нь Өвөрхангай аймгийн 19 сумын нэг юм. Сумын газар нутаг 2581 км2, нийт 5 багтай. 3000 хүн ам, 200,000 гаруй толгой малтай. Социализмын үеийн ахуй байдал, бурхны шашны урлагийн эрс тэрс бүтээлүүд зэрэгцэн орших Бүрд сумын орон нутгийн бяцхан музейгээр зочлохоо та бүү мартаарай.

 Бидний газрын зургийн систем: 46°58’57”N  103°47’07”E  


Өгий нуур

Өгий нуур нь далайн түвшнээс дээш 1337 м-т оршдог, 25 км2 талбайтай, цэнгэг устай нуур бөгөөд амьтан, ургамлаараа Рамсарын (буюу олон улсын ач холбогдолтой чийглэг) бүсэд тооцогддог. Алгана, цурхай, хадар, булуу цагаан зэрэг олон төрлийн загастай ба жилдээ 1 тонныг барих нөөцтэй ! Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлчээр халуун орноос буцаж ирдэг тогоруу, нугас, устах аюул нөмрөөд байгаа хунгалуу, ягаан цахлай, борцгор хотон зэрэг нүүдлийн олон шувуутай

Нуурын баруун талд XVII зуунд баригдсан Шилийн хийдийн туурь бий. Урагшаа Хархорин явах замд 25 км-т Хөшөө Цайдам дурсгалт газар байна. Энд Түрэгийн ах дүү, Билгэ хаан (716-734), Күлтэгин (685-731) нарын хүндэтгэлд зориулж босгосон хоёр хөшөө, булшны хоёр чулуу байдаг.

 Бидний газрын зургийн систем: 47°47’08”N  102°48’58”E 


Эрдэнэ Хамбын хийд, Өвгөн хийд

Далайн түвшнээс дээш 1967 метрийн өндөрт оршдог Хөгнө хан уулын бэлд байх Эрдэнэ хамбын хийдэд хүмүүс бясалгаж мөргөхөөр ирцгээдэг. Монгол улсад коммунист дэглэм задран, хонхны дуу цангинаж байсан 90-ээд оны эхээр зарим хэсгийг нь сэргээн засварлажээ. Уг хийд хурал номын нэг, хадан дээр байрласан өөр хоёр дацан, нийт гурван (жижиг) сүмтэй. Нэг сүмд нь аварга том хүрд байдаг бол нөгөө сүмд нь хүслийг хангагч гэж олонд танигдсан бурхан шүтээнийг тахьдаг.

Тэндээс хэдхэн километрийн зайд байх Ширээт цагаан нуурын дэргэд 1635 онд төрсөн Монголын шашин, төрийн тэргүүн анхдугаар Богд Өндөр Гэгээн* Занабазарын суурийг нь тавьсан хийдийн туурь харагдана. Өндөр Гэгээн Занабазар Анхдугаар Богдоор тодорсныхоо дараа анх XIII зуунд дэлгэрч байсан буддын ном эрдэмд суралцахаар Төвдөд очжээ.

Шашны их таван ухааныг заалгасан, бурхны шашныг шинэчлэгч Шар малгайтны урсгалын Монгол дахь анхны төлөөлөгч Богд Гэгээн Монголдоо буцаж ирээд олон арван сүм хийд босгосны нэг нь Эрдэнэ Хамбын хийд юм. Түүнийг номын багшдаа зориулж барьсан бөгөөд Хамба гэдэг нь хийдийн тэргүүн лам, харин Эрдэнэ гэдэг нь эрдэнэс, үнэтэй, хайртай гэсэн утгатай ажээ. Эрдэнэ Хамбын хийдийг Өндөр гэгээн Занабазарын өрсөлдөгч Ойрадын Галдан Бошигт анхны удаа эвдэн сүйтгэсэн юм. Ойрад нь баруун Монголчууд буюу тэр үед “Ойн монголчууд“ гэж нэрлэдэг байсан бөгөөд бүр эрт  V зуунаас бурхны шашны улаан малгайтны урсгал болох даяaн хийгч лам нарын уламжлалтай. Тэдний шашин шүтлэг Халх болох Дорнын буюу “талын монголчууд”-ын шар малгайтны уламжлалтай харшилдаж байжээ. Харин хоёр дахь удаад XX зууны эхэн үед зөвлөлтийн хэлмэгдүүлэлтэд өртөж сүйдсэн байдаг. Өнөөдөр тус хийдийг нэгэн гэлэнмаа хариуцдаг байна.

Эрдэнэ Хамбын хийдээс нэг цаг хүрэхгүй алхаад очих газар Хөгнө хан ууланд Өвгөн буюу “хуучин” хийдийн туурь бий. Хусан ойн дундах жимээр өгссөөр энэ нутгийн байгалийн хамгийн сайхныг харж болох газар та очно. Занабазар Эрдэнэ Хамбын хийдийг бариулж байх үедээ 1640 онд баригдсан энэхүү хуучин сүмийг сэргээн засварласан боловч Улаан, Шар малгайтан, Ойрд, Халхчуудын хоорондох дайн түүнийг сүйтгэсэн юм. Хийдийг шатааж, тэнд байсан зуу гаруй ламыг хөгнөж байгаад засч хороосон байдаг.  Хоёр сүм байгаа уулыг лам нар егүүтгэсэн энэ үйл явдлын нэрээр Хөгнө хан уул буюу хөгнүүлсэн лам нарын ариун уул гэж нэрлэжээ. Хөгнө гэдэг нь хөнгөлөх, хөгнөх, хан гэдэг нь ариун гэсэн утгатай юм.

*Богд Гэгээн гэдэг нь “хамгийн ариун гэрэл” гэсэн утгатай. Шарын шашны шатлалд Богд Гэгээн бол Далай лам, Панчин ламын дараа ордог бөгөөд гагцхүү Монголын бурхны шашны тэргүүнд олгодог цол юм.

Ширээт цагаан нуур / Нүүдэлчдийн нийслэл «Өргөө»-ийн анхны буурь

Ширээт Цагаан нуур гэх энэ газар 1635 онд XVII зууны Монголын улс төр хийгээд нүүдлийн анхны нийслэл “Өргөө”-ийн шав тавьсан үйл хэрэгтэй салшгүй холбоотой номын их хүн Занабазар мэндэлжээ. Нийслэл хот Ширээт Цагаан нуурын анхны бууриа хэд хэдэн удаа сэлгэж,  нэр нь бас өөрчлөгдөж ирсэн байдаг. Хамгийн сүүлд 1924 онд зөвлөлт засгийн нөлөөн дор нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэх болсон.

Төвдийн бурхны шашны тэргүүн Далай лам байдаг бол Монголчуудын төр, шашны тэргүүнээр анхдугаар Богд Занабазар тухайн үед өргөмжлөгдөж, нийслэл хот “Өргөө”-өөс Өвөрхангай аймаг төдийгүй Монгол улсын хэмжээнд олон тооны сүм хийдийг барьж, нөлөөгөө дэлгэрүүлж байжээ. Түүнийг “агуу, өгөөмөр сэтгэлт” Манзуширын хувилгаан дүр, билиг оюуны бодьсадва хэмээдэг байжээ. 4 настай байхад нь өвөг эцэг Гомбодорж нь Шагжамуны шавь нарын нэгээс эхлээд 14 өмнөх дүрийг нь хэлж, гэгээнээр тодруулсан байдаг. Занабазар Монголын түүхийн түлхүүр үе Халх, Ойрадын хагарал, үндэстэн ястнуудын бие биендээ дайсагнасан үед амьдарч байсан юм. Тэрээр дайсантай ганцаараа тулахад хүч мөхөстсөнөөс өөртэйгөө адил сүсэг бишрэлтэй Манж гүрнээс тусламж гуйсан нь хотолсон хониндоо чоно оруулсантай адил болж, улс орноо 200 жилийн харийн дарлалд ороход хүргэжээ. Занабазар 1723 онд Бээжинд нас барсан байна. Тэрээр Соёмбо цагаан толгойг 1721 онд бүтээсэн бөгөөд соёмбо нь өнөөдрийг хүртэл монгол улсын төрийн далбаан дээр мандаж байдаг.

1930 онд хуучин нийслэл Өргөөгийн буурин дээр дурсгалын суварга босгосон боловч улс төрийн хэлмэгдлийн үед нураасныг 1997 онд сэргээн дахин барьсан юм. Нийслэл Өргөөгийн байсан газар одоо “Монгол элс” нэртэй элсэн манхан, зүүн өмнөх хэсгээрээ Их Монгол хайрхнаар хүрээлэгдсэн 3 жижиг нуур бий. Элсэн дээр гүрвэл гүйлдэж, модонд хөхөө шувуу донгодон, бугын сүрэг бэлчсэн Говь Хангайн байгальтай энэ газар арцны үнэр хаа сайгүй анхилна.

Хэрэв танд боломж гарвал Монголын соёлын хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг Улаанбаатар хотод үзэж сонирхоорой.

 Бидний газрын зургийн систем: 47°09’20”N  103°54’35”E