OONH Галерейн Алтан Эсгий үзэсгэлэн
OONH нүүдэлчдийн галерей нь нэр хүндтэй арга хэмжээ болох Алтан Эсгий үзэсгэлэнг анх 2014 онд Өвөрхангай аймаг, Монгол дахь Францын элчин сайдын яам, Улаанбаатар хотын Монгол-Францын Төв, Монголын Урчуудын Эвлэлийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан билээ.
7-р сарын 25-наас 8-р сарын 5-ны хооронд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохиогдсон энэхүү өвөрмөц арга хэмжээний үеэр Францын дизайнер Франсуаз ТЕЛЛИЕ ЛУМАНЬ, гэрэл зурагчин Реми ШАПУБЛАН, Сэльчук ГЮРИЗИК нарын уран бүтээлийг нийтэд танилцуулсан бөгөөд тус үзэсгэлэнг хатагтай Марион (Marion Roman-Hauduroy) санаачлан зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн орлогыг Өвөрхангай аймгийн эсгий үйлдвэрлэгчдийн хоршоонд хандивласан билээ.
Монголын ард түмэн эсгийг алттай дүйцэх эдлэлд тооцон, олон зуун жил хэрэглэж ирсэн. Маш гайхалтай, нарийн технологиор хийгддэг монгол эсгий нь дуу чимээ намсгах, дулаан хадгалах чанараараа дэлхийн хамгийн сайн тусгаарлах материалуудын нэгт тооцогддог. Эсгийгээр дулаалсан, нүүж буухад хялбар, ороод суухад нөмөртэй гэр хэмээх сууцтай, нүүдэлчин монголчууд тэртээ 13-р зуунд дэлхийг дайлахаар мордож байлаа.
Харин өнөө цагт ашиг шимээр арвин, цэвэр байгалийн гаралтай энэхүү түүхий эдийн шинж чанарыг таньсан авъяаслаг уран бүтээлч, дизайнер, архитекторууд эсгий үйлдвэрлэл, эсгийгээр бүтээл урлах олон шинэлэг арга, технологийг нэвтрүүлэн хэрэглэж байна. Энэ нь эдийн засгийн асар их нөөц бүхий уг түүхий эдийн үнэ цэнэ, үр ашгийг 21-р зууны бидэнд эргэн сануулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Out of NowHere нүүдэлчдийн Галерей нь Алтан Эсгий цуврал үзэсгэлэнгийнхээ анхны дугаарт зарим түнш байгууллага, хандивлагчдынхаа тусламжтайгаар эсгий үйлдвэрлэлийг дэмжих, мөн 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын уламжлалт соёлын энэхүү чухал хэсгийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор Франц улсаас дизайнер Франсуаз ТЕЛЛИЕ ЛУМАНЬ, гэрэл зурагчин Реми ШАПУБЛАН мөн Турк уран бүтээлч Сэльчук ГЮРИЗИК нарыг урьсан юм.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн борлуулалтын бүх орлогыг эсгий урлалыг олон улсад сурталчлах, мөн шаардлагатай түүхий эд, материал худалдан авахад нь дэмжлэг болгон Өвөрхангай аймгийн эсгий үйлдвэрлэгчдийн хоршоонд хандивласан билээ. OONH нүүдэлчдийн Галерей, түүний түнш байгууллагуудын хүсэл, зорилго нь монгол малчдын нүүдэлчин амьдралын хэв маяг, уламжлал соёлыг хадгалан үлдэх, хөгжүүлэх, олон улсын түвшинд таниулахад хувь нэмрээ оруулахад оршино.
Алтан Эсгий үзэсгэлэнд тавигдсан зарим бүтээлүүдтэй танилцана уу: