OONH мэдээ

18 Aug

“Магадгүй нь тодорхой” контемпорари арт үдэш oonh галерей болон шинэ үе урлаг тбб

2020.08.18

Үзэсгэлэнт Орхоны хөндийд байрлах Урса Мажор Геолож дээр контемпорари урлагийн үдшийг зохион байгуулах гэж байгааг OONH Галерейн зүгээс дуулгахад таатай байна.

Монголын модерн урлагийн төлөөлөл болсон ШИНЭ ҮЕ УРЛАГ нийгэмлэгийн гайхалтай уран бүтээлчидтэй хамтран “Магадгүй нь Тодорхой” үдшийг бид та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо.

Шинэлэг сэтгэлгээ, бүтээл туурвилаараа нийгэмд үйлчлэх зорилготой ШИНЭ ҮЕ УРЛАГ нийгэмлэг 2006 онд  байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй энэхүү төрийн бус байгууллага нь дүрслэх урлагийн залуу уран бүтээлчдийн нэгдэл юм.

Тэд Монголын дүрслэх урлагт шинэ уур амьсгал, чиг хандлага оруулах, өөриймшүүлэн нутагшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон “NEW ART” орчин үеийн урлагийн үзэсгэлэнг өвөрмөц, шинэлэг байдлаар зохион байгуулаад 5 жилийг ардаа орхижээ. Тус нийгэмлэгийн уран бүтээлчид Монголдоо зохиогддог томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ Монгол Трансилванийн уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр, Yatoo Олон улсын уран бүтээлчдийн хөтөлбөр, Global Nomadic Art Project, Land Art Mongolia биенналь г.м. олон улсын үзэсгэлэн, хөтөлбөрүүдэд амжилттай оролцож ирсэн туршлагатай билээ.

Монголын дүрслэх урлагийн салбарт орчин үеийн урлагийг хөгжүүлэх, олон нийтийн хүртээл болгох зорилгынхоо хүрээнд нийгэмлэгийн залуус гадаад, дотоодын урлагийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Тэдний өнөөгийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь хүрээлэн буй байгаль-эх дэлхийг хайрлах, хамгаалахад сэдэлжүүлэх, уриалахад чиглэж байна.

Модерн урлагийг мэдэрч, бие, сэтгэлээ сэргээхийн сацуу олон зууны түүхт Орхоны хөндийн амар амгаланг тольдон, алжаал тайлан амрах боломжийг 2020 оны 8-р сарын 23-аас 25-ны хооронд зохион байгуулагдах “Магадгүй нь Тодорхой” контемпорари арт арга хэмжээ зочиддоо олгох болно.

Урса Мажор геоложид ганцхан удаа зохион байгуулах энэхүү урлагийн арга хэмжээ нь байгалиас бүрэлдүүлэн босгосон газрын өрөг урлалын бүтээлийг олон нийтэд толилуулах юм. Модерн урлагийн тоглолт, уран бичлэгийн үзүүлбэр бүхий тус шоунд ШИНЭ ҮЕ УРЛАГийн уран бүтээлчид болох Намсрайжавын Амарсайхан, Рагчаагийн Лувсандорж, Ренчин-Очирын Чинзориг, Чойбаатарын Эрдэнэбаатар болон Александрын Мөнхтуяа нар оролцоно.

Монголын орчин үеийн урлагийн цар хүрээг өргөжүүлэх, контемпорари, модерн урлагийн интерактив, мартагдашгүй мэдрэмжийг нүүдэлчдийн тал нутагт үлдээх зорилгын дор нэгдэж буй OONH Галерей болон ШИНЭ ҮЕ УРЛАГ нийгэмлэгийн уран бүтээлчид цаашид хамтарсан арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулах болно.

ШИНЭ ҮЕ УРЛАГ нийгэмлэгийн уран бүтээлчдийн хийсэн зарим уран бүтээлүүдээс: