EDUCATE – Малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан шинэ цэцэрлэг
Хүүхэд бүр сурч боловсрох нөхцөл боломжоор хангагдах ёстой гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Гэвч Монгол орны өргөн уудам тал нутагт амьдарч буй малчны хүүхэд байнгын цэцэрлэгт хамрагдана гэдэг ердийн зүйл биш бөгөөд хэрэгжүүлэхэд ч бас амаргүй юм. Сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэсэн ийм чухал төслийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь тогтвортой авч явахад орон нутгийн холбогдох байгууллагуудын хүчин чармайлт, бодлогоор дэмжих залгамж халаа маш чухал юм. 2014 онд Out of NowHere хамт олон алслагдсан хөдөө нутгийн малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох чухал үйлсэд идэвхтэй оролцож, бодит хувь нэмэр оруулахаар шийдсэн билээ.
Ингээд Фредерик (Frederic Roman-Hauduroy), Жигжидсүрэнгийн Соёлмаа нар боломжит арга шийдэл олох зорилгоор франц улсын иргэн, боловсролын чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, хүмүүнлэгийн ажилтан Алайн Гросмантай уулзаж санал солилцсон байна. Улмаар тэд хөдөө орон нутгийн онцлогийг судалж, төрийн бус байгууллага, нутгийн захиргаа, боловсролын газруудтай уулзсаны үндсэн дээр EDUCAT төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулж, загвар төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. EDUCAT төслийн гол зорилго нь хөдөөгийн малчдын хүүхэд багачуудад зориулан “гэр цэцэрлэг” барих юм. Out of NowHere нь уг төслийн орон нутаг дахь гол түнш байгууллага болж, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт, төслийн хэрэгжилтийг удирдлагаар хангаж, санхүүгийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Анхны гэр цэцэрлэг маань үзэсгэлэнт Орхоны хөндийд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд, дараагийнх нь Хархориноос холгүй Шанх багийн төвд тус тус байгуулагдсан. Гурван жил шургуу хамтран ажилласны үр дүн, орон нутагт хийж бүтээсэн ажлаараа бид бахархахын зэрэгцээ, Монгол улсын Боловсролын яам, ЮНИСЕФ, Өвөрхангай аймгийн удирдлага, холбогдох бүх шатны байгууллагын үзүүлсэн дэмжлэг туслалцаанд талархаж байдаг. Төслийн бүх оролцогч талуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд гурав дахь цэцэрлэгээ нээсэн бөгөөд малчин өрхийн хүүхэд багачуудад үзүүлэх боловсролын хүртээмж тэр хэрээр нэмэгдэж байна !
Төслийн тогтвортой байдлыг хангахад Out of NowHere брэнд үүрэг хариуцлагаа улам бэхжүүлж 2018 онд үйлчлүүлсэн зочдын ор хоног тутмын 1000₮-ийг EDUCAT төслийн үйл ажиллагаанд хандивласан билээ. Та ч бас бидэнтэй нэгдэж, өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна! Таны зүгээс хувь нэмрээ оруулах олон төрлийн сонголтуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Анхны гэр цэцэрлэг байгуулагдсан үйл явцыг доорх бичлэгээс үзэж сонирхоод, EDUCATE хуудсаар зочлоорой (зөвхөн Франц хэл дээр)