Та “таван хошуу мал”*-ын орон, нүүдэлчин малчдын ахуй амьдралтай танилцаарай. Үндэсний уламжлалт шагай тоглон, гал дээр чанасан цай ууж, хөхүүрийн айраг амсан хэсэг зуур амрангаа монголчуудын зочломтгой занг мэдрээрэй. Дэлхийд хамгийн сайн тусгаарлах материал гэгдэх эсгий хийх аргыг, Монголын эрс хүйтэн өвөлд зохицсон нарийн ширхэгтэй ч хөнгөн, дулаан, ямааны үнэт ноолуур самнах зэрэг ардын уламжлалт зан үйл, ур ухаантай танилцаарай.
Хүсвэл та хонь хяргах, үхэр мал саахад нь туслаарай. Адуугаа хураах үеэр монгол эрсийн морь сургах ур чадвар, хурдан шаламгай хөдөлгөөнийг бахдан хараарай. Та сонирхвол гаргууд сайн эзэмшсэн “урлаг” болох морь уургалах үзүүлбэр** үзүүлэхдээ монгол залуус татгалзахгүй л болов уу.
Санаанд тань багтаж байвал айлын хүмүүсээс гэр барихыг асууж заалгаарай. Та хэрэв хоол хийх дуртай, сайн хийдэг бол монгол үндэсний уламжлалт битүү хоол (хуушуур, бууз, банш), мөн боорцог хийж, амсч үзээд яваарай.
ТАЙЛБАР :
* хонь, ямаа, морь, тэмээ, үхэр (хайнаг нь үхэр сарлагийн эрлийз, V зуун)
** унь: үзүүртээ хуйвтай урт нарийн мод
Чингис хаан 1220 онд анх суурийг нь тавьж, түүний хүү Өгөөдэй (1229-1241) хаан ширээнд суух үедээ бүтээн босгосон эртний нийслэл Хархорин хот нь одоогийн нийслэл Улаанбаатар хотоос 370 км-ийн зайд оршдог. Монгол оронд Францын хааны элчээр (1253-1255 он) ирсэн Гиюм де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” аян замын тэмдэглэлд торгоны зам дагуу байрлах нийслэл Хархоринд тухайн үед бурхны шашны олон хийдээс гадна христийн шашны хоёр, ислам шашны нэг сүм байсныг дурдсан байдаг.
Чингис хааны ач хүү Хубилай хааны үед (1259-1294) шинэ нийслэлийг одоогийн Бээжин буюу тэр үеийн Ханбалик руу шилжүүлэх хүртэл 40 орчим жил Хархорин нь Монгол улсын улс төр, эдийн засаг, соёлын төв байжээ. Баригдсан цагаасаа хойш 200-аад жил оршин тогтносон эзэнт гүрний нийслэл 1388 онд сүйтгэгдсэн байна. Түүний өнгөрөн одсон суу алдрыг санагдуулах ганц гэрч болох Эрдэнэ зуу хийд л өнөө цагт үлджээ. Зуу гэдэг нь сүм хийдийн цогц, Эрдэнэ гэдэг нь Баялаг, Баяр, хонгор, хайрт гэсэн утгатай юм.
Хархорин музейг үзсэнээр Монголын соёл, түүхэн цаг үеэр зочилж, тухайн үеийн хотын зохион байгуулалттай танилцах боломжтой. Музейн ихэнх үзмэр орон нутгаас олдсон археологийн зүйлс байдаг.
Бидний газрын зургийн систем: 47°11’43”N 102°50’21”E
Тус хийд Монголд Бурхны шашин нэвтэрснийг бэлгэддэг. Бурхны шашин Түрэгийн (VI-VIII зууны) үеэс Монголд байсан хэдий ч Хубилай хааны үед л 1260 онд төрийн шашин болж, гагцхүү язгууртан ноёдын хүрээнд үйлчилж байжээ. Бурхны шашин 1570-аад он буюу Алтан хааны үед жинхэнэ утгаараа хөгжин дэлгэрч, хүмүүсийг бурхны шашинд итгүүлэх, шашинд олноор нь оруулах, бөө, удганыг шахан зайлуулах, бөө мөргөлийн газруудыг үгүй хийх ажил хийгджээ.
Алтан хаан 1578 онд дайтаж байсан Төвдийн шашны тэргүүн Содномжамцтай уулзан, бурхны шашинд орохдоо түүнд “Цэцэн мэргэний Далай” буюу Далай лам (III) цолыг хүртээсэн байдаг. Түүнээс өмнөх хоёр тэргүүнд ч энэ цолыг өгчээ. Энэ үеэс хойш хоёр орны хооронд найрсаг харилцаа эхэлжээ. IV Далай ламаар монгол хүн тодорсон нь эхний хоёроосоо ялгаатай байсан бөгөөд Богд Гэгээнтний хойд дүр бүгдээрээ Төвдөөс тодрохоор болжээ. Энэ үеэс хоёр орны хооронд шашин номын харилцаа тогтож, өнөөг хүртэл гүнзгий хөгжиж ирсэн байна. Далай лам сүүлийн 10 жилийн хугацаанд 4 ч удаа Монголд айлчилсан бөгөөд ирэх бүрд нь Монголчууд халуун дотноор хүлээж авч байлаа. Монголын эрдэм чадалтай, мөн дунд хэргэмтэй лам нарын ихэнх нь хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс төвд судар ном уншдаг лам нар цөөн болсон өнөө үед шашин шүтлэгийг дахин сэргээх ажилд Төвдийн оролцоо их бөгөөд гандан хийдээс Балба, Энэтхэг, барууны бусад орнуудтай шашин номын багш, лам харилцан солилцож байна.
Далай лам, Автай хан хоёр уулзах үеэр Эрдэнэ зуу хийдийг барих асуудал шийдэгдэж, 1586 онд Далай ламын бэлэглэсэн олон тооны танка зургийг байрлуулах Баруун, Зүүн, Гол Зуу хийдийн шавыг тавьжээ.
Хийдийн дүр зураг, ерөнхий шинж байдал
Эрдэнэ зуу хийдийн онцлог нь түүнийг уран барилгын олон төрөл хэв маягаар барьсанд оршдог. Учир нь хийд удаан хугацаанд буюу XVI-XIX зуун дамжиж баригдсан, хэд хэдэн удаа сүйтгэгдэн, галдан шатаагдаж, мөн олон удаа дахин сэргээгдэхдээ уран барилгын олон төрөл, чанарыг нэмж оруулсных юм. Эрдэнэ зуу хийд нь бүхэлдээ цэвэр Монгол үндэсний шинж төрхийг агуулсан уран хийцтэй хэдий ч та эндээс Хятад сүм музейн барилгын загвар, мөн өнөө хэр хурал номоо явуулж буй цорын ганц Лавран сүмийн Төвд уран барилгын хэв маягийг ч харах боломжтой.
Эрдэнэ зуу хийд доторх газар зохион байгуулалт монгол гэрийн доторхтой ижилхэн юм. Баруун зүүн, хойд урд гэсэн хоёр тэнхлэгт хуваагддаг. Хийдийн баруун жигүүр бол хамгийн чухал хэсэг бөгөөд эр хүн, нийгмийн амьдрал, харин зүүн жигүүр нь эмэгтэй хүн, өдөр тутмын амьдралд зориулагддаг. Баруун, Зүүн, Гол гурван зууг баруун жигүүрт, Богд Гэгээнтний анхны ордон Лавранг зүүн жигүүрт байрлуулсан байдаг. Хойд тал хамгийн хүндэтгэлтэй, бурхан шүтээнээ залдаг, настангууд сууж, амарч тухлах хоймор байдаг бол урд талд хар бор ажил хийх газар, бага залуу лам нар суудаг. Тиймээс Эрдэнэ зуугийн сүм хийдүүд хойд хэсэгтээ байдаг бол өмнө хэсэгт нь урьд өмнө нь ариун нуур, хотын язгууртнуудын жил бүрийн хуралдайд зориулж Автай сайн хааны үед 1658 онд бариулсан хүндэтгэлийн гэр байсан байна. Харин гол төвд тулганы оронд Алтан суварга босгожээ.
Эрдэнэ зуу хийдийн цогцолбор эртний Хархорин хотыг 10 дахин багасгасантай тэнцэх 400х400 м2 ханаар хүрээлэгддэг. 4 талдаа 4 хаалгатай бөгөөд энэ нь Киданчуудын хот хэрэмнээс санаа авсан, анхны зориулалт нь харуулын цамхаг байсныг сануулдаг. Хэрмийн хананд 108 суварга босгосон байдаг. Энэ тоо ариун гэдгээрээ алдартайгаас гадна Бурхан багшийг бэлгэддэг. Лам нарын эрхний тоо 108 байдаг. 1734-1804 оны хооронд босгосон эдгээр суваргын нэлээд хэдэд нь лам нарын занданшуулсан шарил бий.
Сүм хийдийн цогцолборыг барихад ганц ч хадаас ороогүй бөгөөд хаалга нь нарны гэрэл, анд нөхдөө урин залахаар өмнө зүг рүү харсан байдаг.
Та бидний өнөөдөр харж байгаа хийд бол урьдын Эрдэнэ зуугийн сүүдэр төдий юм. XX зууны эхээр энэ цогцолбор шашны 100-аад сүм хийд, 300-аад айл, сүм хийдэд амьдарч байсан 1000-аад ламтай Монголын хамгийн хүчирхэг том хийд байсан юм. Эрдэнэ зуу 1930-аад оны Сталины хэлмэгдүүлэлтэд бусад сүм дуганы адил өртөж, сүм хийдүүдээ нураалгаж, лам нар нь хороогдон цөлөгдөж, 1965 он хүртэл хаагдаад хожим нь музейн статустай нээгдэж, 90-ээд онд шашны үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлжээ.
Өнөөдөр 30 гаруй лам хувраг шашны ном үзэхийн зэрэгцээ музейн үйл ажиллагааг давхар хариуцдаг нь зарим талаар хүндрэлтэй ажээ. Учир нь Лаврангийн 2-р давхрыг зочид үзэх боломжгүй, сүм хийдэд байгаа бүтээлүүд зулын тортгоос болж өнгө зүс алдах, мөн зарим аялагч жуулчид хийдийн ач холбогдлыг үл ойшоох, лам хуврагуудын хурал номондоо төвлөрөхөд саад болох, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах зэрэг үзэгдлүүд гардаг байна.
Байршил
Эрдэнэ зуу хийдийг энэ газар барихаар сонгосон нь санамсаргүй хэрэг биш ээ. Энэ газар нутаг бол монгол түмний олон зуун жилийн асар баян түүхийн том гэрч мөн. Эрт дээр цагаас Орхоны хөндийд Хүннү, Жужан, Түрэг, Уйгар зэрэг монгол угсааны овог аймгууд амьдарч байсан төдийгүй Монголын эзэнт гүрний өлгий нутаг байсан билээ. Өвөг дээдсийн үеийн булш, хиргисүүр, хүн чулуу, буган чулуун хөшөө, хадны сүг зураг гэх мэт олон өв дурсгалыг үзэмжит байгальдаа хадгалан үлдсэн болохоор хүн төрөлхтний дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Монгол уран дархчуулын ур ухаан шингэсэн Эрдэнэ зуу хийдийг босгоход алдар суу нь дэлхийд мөнхөрсөн Чингис хааны эзэнт гүрний сүр хүчийг (Ромын эзэнт улсын газар нутгаас даруй 2 дахин том) хадгалсан домогт Хархорум хотын балгас тууриас үлдсэн барилгын материал, чулууг ашигласан гэхээр сүрдэн бишрэх сэтгэл эрхгүй төрнө.
Бидний газрын зургийн систем: 47°12’06”N 102°50’35”E
Та домогт Орхоны хөндийд дэлхийн хамгийн шилдэг адуучдаар газарчлуулан морь унаарай. Та морио зөөлөн алхуулж, хэрэв сайн унадаг бол давхиулан Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хүлэг морьдыг таниарай. Морины тухай олон сайхан дуу дуулахаас гадна морин толгойн сийлбэртэй, үндэсний хөгжмийн зэмсэг байдаг нь морин хуур юм. Хуурын чавхдасаар монгол морины алхаа гишгээ, янцгаах дуу, үүрсэх авиаг уянгалуулан тоглоно. Морины өнгө зүс маш олон янз бөгөөд энэ сэдвээр ярилцахыг хүсвэл олон шинэ үг хэллэг сурах шаардлагатай. Монголчууд мориндоо мордон “чүү” хэмээгээд, дөрөөн дээрээ өндийн босч давхих нь биширмээр сайхан.
Мориныхоо жолоог татаж залах төдийгүй биеийнхээ жингээр эмээл дээрээ тэнцвэртэй тогтож удирдана. Хэдэн зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн монгол ахуйн нэг хэсэг болсон гүү саах цагаар зэлэн дээр цугласан адуун сүргийн янцгаах дууг сонсч, унага барьж байгаа сэтгэл хөдлөм үйл явдлыг харахад уудам талд чамин дэглэсэн уран хөдөлгөөнт бүжиг мэт санагдана.
1646 онд 11 настай Анхдугаар Богд Занабазарын удирдлага дор байгуулагдсан Шанхын хийд 1787 онд өдгөө байгаа газраа суурьших хүртлээ нүүдэллэж иржээ. Бидний мэдэж байгаагаар анх байгуулагдсанаасаа хойш 1885 он хүртэл нийтдээ 23 сүм, дацанг барьж байгуулсан байна. “Баруун Хийд” нь 200-аад лам хуврагтай, шашны олон сургуультай том хийд байсан бөгөөд Чингис хааны хар, цагаан сүлдийг залж тахьдаг “сүлдний өргөө”-гөөрөө алдартай. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн дараа коммунист дэглэмийн үед 5 лам хийдийн үйл ажиллагааг нууцаар, гэрт явуулж байсан бөгөөд тэдгээрийн нэгний санаачилгаар хийдийг 1990 онд дахин нээсэн билээ. Тэр ламд хүндэтгэл үзүүлэн суварга босгосон байдаг. Одоогоор хийдэд 30 гаруй лам бий.
Хийдийн өглөөний хуралд сууж номын дуу сонсоорой. Хийдийн ойролцоох жижиг баг нь суурин иргэншлийн нэг жишээ бөгөөд эдгээр өрх айл эрт цагийн нүүдэлчин малчдын үр удам юм.
Бидний газрын зургийн систем: 47°03’04”N 102°57’15”E
Одод чуулсан тэнгэр нь алдартай тал нутгийн шөнө гариг эрхсийг саатан тольдохгүй байхын аргагүй ! Урса Мажор геолож улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох, хувийн эзэмшлийн MEADE LX 200 ACF маркийн одон орны дуранг танд зориулан суурилуулсан билээ. Оддын байршил, дурангийн чиглэлийг дуранд байгаа мэдээллийн бааз, GPS-ийн 16 сувгийн тусламжтайгаар автоматаар тогтоох тул оддыг ямар ч гажилтгүйгээр ажиглах боломжтой. Уг дуран нь маш өндөр нягтрал, нарийвчлалтайгаар одны гэрэл зураг авах хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.
Огторгуйн од, сарыг харах нь зөвхөн гайхалтай мэдрэмж төрүүлээд зогсохгүй, нүүдэлчин түмний олон зуун жил хэрэглэж ирсэн цаг хугацаа, орон зайг нарийвчлан тогтоох, цаг агаарыг урьдчилан таамаглаж мэдэх уламжлалт арга ухааныг танин мэдэх алхам болно. Одон орны өвөрмөц шинж байдал бүхий нутгийн энэ онцлогт түшиглэн бид AstroMongolia төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь докторын зэрэг хамгаалах судалгааны ажил хийж байсан франц оюутнуудад Орхоны хөндийд байрлан Монгол орны орчин цагийн сансар огторгуйг нутгаас нь шууд ажиглах боломжийг олгосон. Илүү ихийг уншихыг хүсвэл.
Бат-Өлзий сум, Цагаан голоос 1 км-т Тэмээн чулуу гэдэг газар 30 гаруй дөрвөлжин булш, буган чулуун хөшөө бий. Энэ газрыг Монголын хүрэл зэвсгийн (МЭӨ 3000–900 жил) үед хамаарах буган чулуун хөшөөний нэрээр нэрлэсэн ба тэр хөшөөн дээр тэмээ хөтөлсөн хүнийг дагаж яваа хэсэг хүнийг улаан зосоор зурсан байдаг. Ойр хавийн уулнаас боржин чулууг авчирч, засч янзлалгүй байгалиар нь хийсэн булшны чулуу, буган чулуун хөшөөний буга хийгээд бусад амьтдын дүрс нууцаа оньсого мэт хадгалсаар байна.
Out of Nowhere брэндийн хамт олон “Монголын түүх соёлын дурсгал ном”-ын зарим бүлгийг монгол хэлнээс англи руу орчуулсан юм. Уг номонд тэмдэглэснээр судалсан 3 булшны хоёр нь тоногдсон байсан ба үлдсэн нэгээс нь хонь, үхрийн яс, IX зуунд амьдарч байсан Уйгар үндэстний хийцтэй ваарын хэлтэрхий, морины туурай олдсон ажээ.
Хангайн байгалийн цогцолбор газрын төлбөртэй хаалгаар ороод Орхоны хүрхрээний замаар хэдэн километр явахад Орхоны хөндий, 30-аад метрийн дор урсах Орхон голын байгалийн сайхныг харж болох Үүртийн тохой нэртэй гайхалтай сайхан газар бий.
Байгалийн сайхныг бишрэхийн зэрэгцээ “Орхонд үйлдвэрлэв” гэсэн шошготой рашаан худалдаж авахаар үүгээр өнгөрсөн хүн бүхэн түр саатан зогсдог юм.
Бидний газрын зургийн систем: 46°53’25”N 102°24’37”E
Бат-Өлзий сумаас зүүн хойш 28 км газарт Улаан гол Орхон голд цутгах хэсэгт Орхоны хүрхрээ буюу улаан цутгалан урсдаг. 10 м-ийн өргөнтэй, 20 м-ийн өндрөөс урсах энэ хүрхрээ эрдсээр нэн баялаг юм. Орхоны хүрхрээ Хангайн нуруунаас эх авч Хархорин хүртэл 130 гаруй километр газар галт уулын чулуулаг дундуур урсдаг байна.
Бидний газрын зургийн систем: 46°47’15”N 101°57’36”E
Өндөр Шивээрийн (зарим эх сурвалжуудад Өвөөт) оройд газрын түвшнээс 2312 м өндөрт байрлах Төвхөн хийд хорь орчим метрийн өндөртэй 14 жижиг дугантай. Анхдугаар Богд Гэгээн Занабазар (шашин, төрийн тэргүүн) уг хийдийн байршлыг 1648 онд тогтоож, 1651 оноос эхлэн бясалгал хийж байжээ. Харин 1654 онд 19 настайдаа хийдийг бариулж эхэлсэн байдаг. Энэ газрыг “Аз жаргалын орон” гэж нэрлэдэг.
Занабазар Төвхөн хийдэд 30 гаруй жил амьдарч, бүтээлээ туурвиж, бясалгасан юм. Шашин, оюуны хийгээд урлагийн томоохон үйл ажиллагааг явуулж, гайхамшигт бүтээлүүдийнхээ ихэнхийг энд урлан туурвисан байдгийн нэгэн жишээ нь 1680-аад оны Соёмбо бичиг юм.
Энд даяан хийх агуй, хийд гэх мэт мөргөлийн олон газар байдгийн нэг нь Занабазарын гутлын мөртэй хад юм. Олон агуйн нэгийг “Эхийн умай хад” гэж нэрлэдэг. Агуйн нарийхан амсраар мөлхөж ороод, мухарт нь тулж очоод эргэж толгойгоороо гарах нь эхээс дахин төрж, алдаа нүглээ ариусгахыг бэлгэддэг. Харин Төвхөний орой дээрх овоон дээр эмэгтэйчүүд гарах хориотой.
Төвхөн хийд 1971 онд аймгийн, 1992 онд улсын дархан цаазат газар болсон. Энэ үеэс хойш энд онцгой олон арга хэмжээг зохион явуулжээ. Төвхөн хийд 1994 онд Дээрхийн Гэгээн Далай багшийн айлчлалын дараагаар олны анхаарлыг ихээхэн татаж, 1996 онд UNESCO–гийн хүн төрөлхтний Дэлхийн Өвд бүртгэгдсэн билээ. 2001 онд улсын төсвөөр засвар хийж, Гандан хийдийн Идгаачойнзэнлин дацантай хамтын ажиллагаатай болжээ.
Бидний газрын зургийн систем: 47°00’46”N 102°15’25”E