УРСА МАЖОР ГЕОЛОЖ, MEADE LX200 ACF ДУРАН ОДОН ОРОН СОНИРХОГЧДЫН АНХААРЛЫГ УЛАМ БҮР ТАТСААР БАЙНА
2020.03.03
Энэ удаа бид Япон улсын иргэн, нийтлэлч Чихиро Ямагүчи (Chihiro Yamaguchi) талархахын зэрэгцээ түүний аяллын сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Тэрээр японы астрономын сүүлийн үеийн технологийн мэдээлэл нийтэлдэг reflexions.jp сэтгүүлийн эрхлэгч бөгөөд Out of NowHere брэндийн үүсгэн байгуулагч Фредерик, Дэмэд нарын адил одон орон сонирхогч билээ. Тэрээр одон орон ажиглах Dark Sky монгол компаний санаачилж, японы Wild Navi компанитай хамтран зохион байгуулсан аяллаар Свийт Говь, Урса Мажор геоложид амрахдаа оддын гайхалтай зургууд авчээ.
Геоложуудаас авсан зургууд нь гэрлийн бохирдолгүй, тэнгэр нь цэв цэлмэг, од эрхсийн өнгөний ялгарал маш тод гарчээ.
Тэнгэрийн чанар буюу гэрлийн бохирдол хэмждэг түүний багаж 23,62 SQM (Sky Quality Meter) заасан нь урьд өмнө огт хэмжигдэж байгаагүй (хамгийн оновчтой тохируулгатай үед 22 SQM) заалт байжээ. Мөн тэрээр маш бага хугацаанд буюу 10 хүрэхгүй хоромд Тэнгэрийн заадсыг хамгийн тодоор авч болохыг онцолсон байна.
Түүний хэлснээр Монгол оронд оддыг ажиглах хамгийн тохиромжтой үе бол агаар нь маш тунгалаг (агаарын чийгшил багатай), тэнгэр нь илүү цэлмэг байдаг 8, 9, 10-р сарууд ажээ /Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгал, өндөрлөг газарт оршдог нь оддыг ажиглахад чухал нөлөөтэй/.
Монгол, Япон хоёр орны газар зүйн бүслүүр дэх өргөргийн зөрүү нь од эрхэс ажиглахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, харагдах байдал нь эрс ялгаатай байсныг Чихиро Ямагүчи тэмдэглэсэн байна. Ялангуяа нар жаргаж бүрий болох үеийн тэнгэрийн хаяа, түүний гайхамшигт өнгийг манай аялагч ихэд биширчээ.
Тэрээр Монголын тал нутгийг хуурай цөлөрхөг гэж төсөөлж байсан хэдий ч аялах хугацаандаа хээр талын ямар өргөн уудмыг, мөн байгалийн олон хэв шинжийг хадгалсан, баянбүрд адил үржил шимт хөрстэй, олон зүйлийн амьтан, ургамалтай болохыг өөрийн биеэр харжээ.
Таван хошуу малын тэмээнээс бусад хонь, ямаа, үхэр, адууг заасан одны ордууд байдаг нь Монголчуудын эрт дээр үеэс мөнх хөх тэнгэрийг шүтэж, тэнгэртээ залбирч ирсэн уламжлалтайг тодорхой харуулна.
Чихиро Ямагүчи геоложуудын хоолны нэр төрөл олон, амт чанарын хувьд хотын өндөр зэрэглэлийн буудлуудаас ялгарахааргүй, мөн гэрүүд нь зай уужим, тохь тухтай болохыг онцолсон байна. Түүнчлэн Степ & Спа (анхилам үнэрт цэвэр халуун арчуур, хуурай бие засах газар) үйлчилгээ нь гайхалтай мэдрэмж төрүүлснийг, япон нутгийнхаа ууланд өнгөрөөсөн өдрүүдийг нь санагдуулсан тухай өгүүлжээ. Мөн тэрээр: “төв суурин газрыг илүүд үздэг хүн ч энэ баазуудад тохь тух алдахгүй” гэжээ.
Анх бид олон зүйл мөрөөдөн төлөвлөж MEADE LX200 ACF мэргэжлийн дуранг суурилуулж, хүн төрөлхтний соёлын биет бус өв болох монгол орны одон орон судлалын чиглэлээр хамтран ажиллах, судалгаа хийхийг зорьж Улаанбаатар хотын Одон Орон Ажиглах Төв, Францын Uranoscope байгууллагатай холбогдон ажиллаж байлаа. Чихиро Ямагүчи бичсэн аян замын тэмдэглэл-сэтгэгдэл нь бидний хувьд мөрөөдөж байсан зорилгодоо бат итгэлтэй, илүү ихийг сэдэж, одон орон ажиглах аялагчдыг улам олноор хүлээн авах хүсэл төрүүллээ.
Манай үйлчилгээ, үйл ажиллагааны тухай сайхан сэтгэгдэл нийтэлсэн Чихиро Ямагүчи болон Wild Navi аяллын компанид талархсанаа дахин илэрхийлье. Оддын ертөнцийг ажиглах дараагийн аяллаар энэ зун эргэн уулзана гэж итгэж байна.